Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрөө бүрэн төлж дуусчээ
Төрийн банк одоогоос нэг жилийн өмнө дотоодын биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бондыг хаалттай хүрээнд санал болгож, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Нэг жилийн хугацаатай энэхүү бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргасан Төрийн банкны анхны ногоон бонд гэдгээрээ онцлогтой бөгөөд банк хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөр холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ. Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр тогтвортой хөдөө аж ахуйн зээлийн багцаа санхүүжүүлснээс гадна ногоон төсөл хөтөлбөрүүдэд зээл санхүүжилт олгох, тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажилд бондын эх үүсвэрийг зарцуулсан байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд хоёр дахин тэлээд байсан ногоон зээлийн багц энэ онд ч мөн өссөн үзүүлэлттэй байгаа ажээ. Тухайлбал, сүүлийн 11 сарын байдлаар Төрийн банкны тогтвортой хөгжилд чиглэсэн зээл 104.7 хувиар өссөн бол ногоон зээл 112 хувиар нэмэгджээ. “Ногоон ирээдүй” бонд нь банкны тогтвортой хөгжлийн зорилт, ногоон өсөлтийг дэмжих үйл ажиллагаанд томоохон түлхэц болоод зогсохгүй дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах үндэс суурийг бэхжүүлсэн ажээ. Төрийн банк өнгөрөгч есдүгээр сард Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан гадаад зах зээлд бонд санал болгож, олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас 200 сая ам.долларын бондын эх үүсвэр татсан юм. Энэхүү эх үүсвэрийн 25 хувиар Монгол улсын ногоон таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийг хангах ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







